Айл гэрийн өнгө төрхийг өөрчилж, интерьер дизайнд чухал байр эзэлдэг зүйл бол декор чимэглэл. Та өрөөнийхөө аль нэг хэсэгт декор байрлуулснаар өөрийн хүссэн өнгө аяс, уур амьсгалыг тэр дор нь бүрдүүлж чадна. Иймээс бид энэ удаа декорын үнэ цэн, үүнийг хэрхэн сонгож, бас өөрсдөө яаж хийх тухай сонирхолтой яриаг TERRA CASA VILLA хаус хотхоны интерьер декоратор, хатагтай Д.Дэлгэрмаатай яриа өрнүүллээ. Тэрээр сүүлийн жилүүдэд гар урлалд шимтэж, декорын шинэхэн бүтээлүүдээ гаргаж эхлээд байна.

Та хүмүүст ямар декор санал болгодог вэ?

Хүмүүс тренд дагаж байна гээд дууриамал эсвэл арилжааны жижиг декор авах гээд байдаг талтай.  Миний хувьд декор гэдэг бол үнэ цэнтэй, түүх өгүүлсэн, дахин давтагдашгүй байвал зүгээр санагддаг. Жишээ нь аялаж явахдаа хямд, чанар муутай зүйл авах хэрэггүй, илүү үнэ цэн нь өсөх декор сонгохыг зөвлөдөг. Мөн аав ээжээс өвлөгдөж ирсэн олон сайхан дурсамжтай тавилга, декорыг орчин үеийн хэв загвартай хослуулж гэртээ шинэлэг орчин бүрдүүлж болно шүү дээ.

Та америкт олон жил амьдарсан Америк айлууд ихэвчлэн ямар декор сонгодог вэ?

Ерөнхийдөө чанарлаг, өвөрмөц, бүтээлч, сонин содон декорууд тавьсан байдаг. Декор бүр нь утга учиртай, үнэ цэнтэй, амьдралын тодорхой түүх өгүүлэмжтэй байдаг. Сүүлийн үед загварын, интерьерийн болон урлагийн гэх мэт сэтгүүл, номуудыг сонирхлын дагуу төрөлжүүлэн декор болгон ашиглаж байна.

Таныг мэргэжлийн интерьер декораторын зөвөлгөө өгдөг гэдгийг мэдэх юм харин өөрөө декор хийдэг гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх?

Тиймээ, Америкт байх хугацаанд уран зураг зурах, керамик хийх сонирхолоо мэргэжил болгосон юм. Тухайн сурч байх үед хийсэн бүтээлүүдээ одоо болтол  хадгалдаг, харах бүртээ сайхан мэдрэмж авдаг. 2020 оноос захиалгаар, цөөн тооны керамик бүтээлүүдээ хийж эхлүүлсэн. Өөрийн гэсэн өнгө төрхтэй бүтээлүүдээ керамик урлалд дуртай хүмүүст зориулан гаргаж байна.

Таны түүхээс сонсоход бид декороо өөрсдөө хийж гэрийнхээ орчинг сонирхолтой болгож болох юм шиг санагдлаа?

Хүн ер нь эрэл хайгуулч байх хэрэгтэй санагддаг. Таны гэрт таны бүтээл байвал хичнээн сайхан байх билээ. Манайд сүүлийн үед олон төрлийн гар урлалын сургалтууд байдаг болсон. Сүүлийн үед байгалийн материалаар хийсэн гар урлалын чанартай бүтээлүүд Монголд их гарч байгаад баяртай байгаа. Бид чанар муутай гаднаас орж ирсэн декор авахын оронд өөрсдөө зориглоод худалдан авалтын хэвшмэл хандлагаа халах хэрэгтэй. Сонирхолтой, тохилог орчин бүрдүүлэхийн тулд аливаад бүтээлчээр хандаж дотоодын уран бүтээлчдийг дэмжих хэрэгтэй. Монгол авдрыг л гэхэд нэг янзаар биш, уран бүтээлийн хэмжээнд дахин давтагдашгүй байдлаар хийгээд байвал, үнэ цэн нь улам бүр нэмэгдэнэ.  

Сүүлийн үед декорын чиг хандлагад байгалийн элементийг түлхүү ашиглах болсон. Ер нь гар урлалын бүтээлийг гаднаас авч ирэхэд өртөг өндөр учраас Монгол уран бүтээлчдийнхээ бүтээлээс авч тохижилт хийх дуртай. Дараагийнхаа байрыг зөвхөн Монгол уран бүтээлчдийн хийсэн бүтээлээр чимэглэх бодолтой байна мэдээж хэрэг захиалагчтайгаа зөвлөлдөж саналаа хэлнэ. 

Ярилцсанд баярлалаа.