TERRA CASA VILLA хаус хотхонтой интерьер декоратор хатагтай Д.Дэлгэрмаа хамтран ажиллаж байна. Бид цаашид Богд хан уулын Түргэний аманд байрлах цэвэр агаар, байгалийн үзэсгэлэн цогцолсон TERRA CASA VILLA хотхоны тохижилт болон интерьер дизайн, декортой холбоотой сонирхолтой зөвлөгөө мэдээллийг цувралаар хүргэх болно.

Хүн бүр өөрийн гэр орондоо тохилог, тав тухтай орчин бүрдүүлэхийг хүсдэг. Таны хувьд гэрээ хэрхэн тохижуулдаг вэ?

Би гэрээ үргэлж эмх цэгцтэй байлгахыг хүсдэг. Эмх цэгц гэдэг бол интерьерт их чухал. Тав тухтай байдлын гол түлхүүр нь гэж ойлгож болно. Тавилга, декороо эмх цэгцтэй, зөв байрлуулан түүнээсээ таашаал, тав тухыг мэдэрч чаддаг. Ер нь тухайн хүний зан чанар, сэтгэл зүйн байдал нь гэрийнх нь интерьер, тохижилтоос шууд харагддаг.

Тухайн айлын тавилгын байрлал, өнгөний сонголт зэргээс нь зан характер, амьдралынх хэв маягийг нь харж болно гэсэн үг үү?

Хүн бүр өөрийн гэсэн дотоод ертөнцтэй. Түүнийгээ гэрийнхээ интерьерт бүрдүүлж өгсөн байдаг. Та хэн бэ гэдэг нь амьдарч буй гэрийн тохижилт, дизайнаар тодорхойлогддог гэж ойлгож болно. Жишээ нь: Тод өнгөтэй тавилга, декор сонгосон байвал нилээд нээлттэй хүн байх магадлалатай бол байгалийн натурал өнгө сонгосон бол тайван, зөөлөн хүн байна гэж таамаглаж болно. Мөн гэрийнхээ эд зүйлсийг замбараагүй өрөөд тавьчихсан хүмүүсийн хувьд ихэвчлэн завгүй амьдралын хэв маягтай хүмүүс байдаг.

Хүн бүр дахин давтагдашгүй. Тэгэхээр айл бүрт тохирсон интерьер дизайн бүрдүүлэх боломжтой юу?

Яг ижилхэн тохижилттой айл гэж байдаггүй. Хүн бүр өөр өөрийн зан чанар, дотоод ертөнцтэй. Классик, модерн гэх зэргээр айл бүр гэр орноо өөр өөрөөр тохижуулсан байдаг. Миний хувьд ч гэсэн тухайн айлын хүсэл сонирхолд нь нийцсэн интерьер дизайн бүрдүүлж өгөөд түүнээсээ кайф мэдрэх дуртай.

TERRA CASA VILLA хаус хотхонтой та яагаад хамтарч ажиллах болсон вэ?

Terra casa villa хаус хотхон нь цэвэр агаар, байгалийн үзэсгэлэн цогцолсон байршилтай ба орчинтойгоо нийцсэн интерьер дизайнтай. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүмүүст зориулсан болохоор надад маш их таалагдсан. Миний тохижуулсан байрууд бүгд өөр өөрийн гэсэн хэв маягтай байгаасай гэж хүсдэг. Энэ удаа Нордик хэв маягаар тохижуулах гэж байна.

Нордик хэв маягийг юу гэж тодорхойлж болох вэ?

Ер нь бол энгийн, чанартай гэж хэлж болно. Хүнд нүсэр биш, чанартай тавилгууд хэрэглэж, гэрэл гэгээтэй, сэлүүхэн орон зайг мэдрүүлдэг. Скандинав буюу нордик дизайн нь минимализм ба функционал байдлыг хослуулсан, энгийн амьдралд тохирсон шийдлийг санал болгодог. Мөн ноос, арьс, мод, модны шаргал өнгө зэрэг байгалийн элементүүд болон гар урлалын зүйлсийг түлхүү оруулсан минималист дүр төрхтэй байдаг.

TERRA CASA VILLA хотхонд ямар өнгө дизайнтай тавилга, декор ашиглах вэ?

Даавуун, тааран, арьсан материал түлхүү хэрэглэнэ. Декорын хувьд хэт гял цал өнгө, материал хэрэглэдэхгүй. Мод, олс зэрэг байгалийн элементүүдийг түлхүү оруулж, тохилог, дулаан мэдрэмж төрүүлэх тавилга ашигласан тохижилт хийхийг зорьж байна.

Худалдан авагчид интерьер дизайнаа өөрсдийнхөө хүссэнээр хийлгэж болох уу?

Бололгүй яахав. Хамгийн гол нь тухайн хүнийхээ юунд дуртай, сонирхолтой гэдгийг нь ойлгож авах нь чухал. Миний хувьд айл бүрийн сонирхол, сэтгэлд нийцсэн тохижилт дизайн хийхийг хүсдэг. Өөрөө ч гэсэн үүнээсээ сэтгэл ханамж авч чаддаг. Жишээ нь минимал хэв маягт дуртай хүмүүс байдаг. Ийм айлд цэвэрхэн, донж нь таарсан хэрэгцээт тавилгуудыг байршуулж өгч, хөнгөн маягийн тохижилт хийнэ. Мөн максимал хэв маягаар амьдрах дуртай хүмүүс их байдаг. Ийм хүмүүсийн хувьд тэр олон цуглуулгуудыг  хэрхэн зөв байршуулах тал дээр зөвлөнө.

Ярилцсанд баярлалаа.